-Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцдог вэ? -Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
-Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ? -Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.
-Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу? -Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
-Хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу? -Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу? -Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, ажилтнаас суутгал тооцох.
-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ? -Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.
Эх сурвалж: amc.namem.gov.mn